Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны
12 дугаар сарын 24-ний өдрийн 150/ЗТ2025/00001 тоот
тогтоолын хавсралт
Шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах,
шүүгчид хуваарилах журам
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.Шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид “ИХШХШТХ” гэх/ болон Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Нийтлэг журамд заасныг баримтлан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Иргэн-2014 нэгдсэн системээр хуваарилахдаа энэхүү журмыг баримтална.
1.2.Шүүхэд хүлээн авч байгаа нэхэмжлэл, хүсэлт гомдол, өргөдөл, хэргийг шүүхийн мэдээлэл-лавлагааны мэргэжилтэн ажлын цагт ИХШХШТХуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлбэрийг шалгаж ирсэн цаг, минутын дарааллаар хүлээн авч тэмдэглэлээ хийж “Нэхэмжлэл хүлээн авах бүртгэл” дэвтэрт бүртгэнэ.
1.3. Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхэд ирсэн нэхэмжлэл, хүсэлт гомдол, өргөдөл, хэргийг хүлээн авсан даруйд нэгдсэн системд оруулан хуваарилалт хийж, дардас даран хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт цаг, минутын дарааллаар бүртгэн, хуваарилагдсан шүүгчид, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүгчид хүлээлгэн өгөх боломжгүй бол шүүгчийн туслахад гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө.
1.4.Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нэгдсэн системээр хуваарилагдсан нэхэмжлэл, хүсэлт гомдол, өргөдөл, хэргийг хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдийн хүсэлтээр хэвлэн өгч, өгсөн тохиолдолд энэ баримтыг хэрэгт хавсаргана.
ХОЁР. Хэрэг хуваарилах
2.1.Тус шүүхэд ирсэн нэхэмжлэл, иргэний хэрэг, шилжиж ирсэн хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт, шүүхийн даалгаврыг системээс шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон тойрог дотор санамсаргүй тохиолдлоор ердийн аргаар хуваарилна.
2.2 Дээд шатны шүүхээс хэргийн шийдвэрийг 2-оос дээш удаа хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан иргэний хэргийг 2.1-д зааснаар хуваарилна.
2.3. Хүлээн авахаас татгалзсан, татан авсан мөн буцаасан нэхэмжлэл дахин шүүхэд ирсэн тохиолдолд журмын 2.1-д зааснаар хуваарилна.
2.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан гомдол, мөн хуулийн 180 дугаар зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг хэргийн хянан шийдвэрлэсэн шүүгчээс бусад шүүгчдэд 2.1-д зааснаар хуваарилна.
2.5.Ерөнхий шүүгчид нэхэмжлэл, шилжиж ирсэн болон харьяалал тогтоосон иргэний хэрэг, гомдол, хүсэлт, өргөдөл, шүүхийн даалгаврыг бусад шүүгчийн нэгэн адил 2.1-д зааснаар хуваарилна.
2.6.Шүүгч 07-дээш хоногоор өвчтэй, ээлжийн амралттай, чөлөөтэй, /бусад шалтгаанаар/ шүүхэд ирсэн нэхэмжлэл, иргэний хэрэг, шилжиж ирсэн хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт, шүүхийн даалгаврыг тухайн шүүгчээс бусад шүүгчдэд журмын 2.1-д зааснаар хуваарилна.
2.7.Зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг дахин хуваарилахдаа тухайн шүүгчийг тойргоос гарган бусад шүүгч нарт тойрог дотор санамсаргүй, ердийн аргаар хуваарилах сонголтыг нэгдсэн системд тохируулсан байна.
2.8.Шүүгчийн татгалзан гарах болон оролцогчийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллаар хэргийг хуваарилна.
ГУРАВ.Тодорхой төрлийн хэрэг хуваарилах аргаар дараах хэрэг нэхэмжлэл өргөдөл гомдол, хүсэлтийг хуваарилах:
3.1.Дээд шатны шүүхээс хэргийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан иргэний хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр хүчингүй болсон иргэний хэргийг тус тус анх шийдвэрлэсэн шүүгчид хуваарилна.
3.2.Иргэний хэргийг нэгтгэсэн тохиолдолд анх хэрэг хуваарилагдсан шүүгч хүлээн авч шийдвэрлэнэ.
3.3.Иргэний хэргийг тусгаарласан тохиолдолд тусгаарласан хэргийг журмын 2.1-д зааснаар дахин хуваарилалтад оруулна.
3.4.Хяналтын шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг анхан шатанд шийдвэрлэсэн шүүгчид нь хуваарилна.
3.5.Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өөрчлүүлэх хүчингүй болгуулах талаар гарсан гомдлыг хэргийг шийдвэрлэсэн шүүгчид нь хуваарилна.
3.6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаа шүүгч өөрийн санаачилгаар хүчингүй болгосон бол тухайн шүүгчид нь хуваарилна..
3.7.Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт, гүйцэтгэх хуудас хүчингүй болгуулах тухай хүсэлт, мөн гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай болон шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчид нь хуваарилна.
3.8.Эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн хэрэг буцаж ирсэн тохиолдолд шилжүүлсэн шүүгчид нь хуваарилна.
3.9.Журмын 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8-д заасан хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч ээлжийн амралттай болон бусад шалтгаанаар хэрэг, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол журмын 2.1-д зааснаар хуваарилна.
3.10.Шүүгчийн ээлжийн амралт эхлэх өдрөөс хуанлийн 15 хоног өмнөөс иргэний хэрэг, нэхэмжлэл хуваарилахыг зогсооно.
3.11.Шүүгч нарын тоо нэмэгдэх, хасагдах болон хэрэг, хуваарилах явцад энэ журмаар зохицуулагдаагүй асуудлууд гарвал тухай бүрд нь шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөнийг зарлан хуралдуулж шийдвэрлэнэ.
3.12 Хуульд заасан болон шүүгч удаан хугацаагаар өвчтэй,чөлөөтэй, хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас бусад тохиолдолд шүүгчид хэрэг өргөдөл гомдол, санал хүсэлтийг алгасаж хуваарилахгүй.
3.13 Энэхүү журмыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д зааснаар олон нийтэд нээлттэйгээр тус шүүхийн цахим хуудсанд байршуулна.
ДӨРӨВ. Журмыг мөрдөж эхлэх хугацаа
1.Энэ журмыг 2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН