Хураангуй бэлтгэсэн:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа
Шийдвэрийн дугаар: 2025 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 257
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Процессын хураангуй дугаар: 2025 оны 12 дүгээр сарын 08 № 2
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос иргэн “Г”,”О” нарыг 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1-р багийн нутаг "Бумбат" гэх газраас зохих зөвшөөрөлгүй 51 ширхэг буюу 3,2м3 хэрэглээний зориулалттай шинэс төрлийн мод бэлтгэж улмаар 13-24 СЭН улсын дугаартай Киа бонго загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Орхоны бүсийн сум дундын ойн анги иргэн “О”-д 4м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгосон байх ба тэд нийт 2 машин мод бэлтгэсэн.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван зориулалтаар зөвшөөрөлтэйгөөр зөвхөн огтлолоор мод бэлтгэхийг хууль ёсны гэж үзсэн байх ба мөн хуулийн 35.4.1-д гэрээ, зөвшөөрөлгүй эсхүл зөвшөөрсөн тоо, хэмжээ хэтрүүлж мөн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.
Иргэн нь ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүчтэй салхи, их цасны нөлөөгөөр унасан мод, гишүү, мод бэлтгэлийн үлдэгдэл буюу өөрийн хэмжээ ба шинж чанараараа хэрэгцээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй, бөөрөнхий буюу цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг цэвэрлэгээний ажлын аргаар бэлтгэж ашиглах ёстой.
Иргэн “Г”,”О” нар нь нийт 2 машин мод бэлтгэсэн байх ба нийт бэлтгэсэн модны хэмжээ тодорхойгүй, мөн модыг хэрхэн, ямар аргаар бэлтгэсэн зэргийг тогтоогоогүй гэж шүүх үзэж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Хураангуйг бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа