ЗОРЧИХ ЭРХ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ХОРИХ ЯЛААР СОЛИВ

Процессын хураангуй дугаар: 2025 оны 12 дугаар сарын 08 өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй 

Шийдвэрийн дугаар: 2025 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 2025/ХМШЗ/30

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”. 

          Ялтан “Б”-д 2025 оны 4 дугаар сарын 17-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өөрийн оршин суух газар болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож шийдвэрлэсэн,

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ялтан “Б”-д зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн зөрчил бүрд нь зөрчлийн тэмдэглэл үйлдэж, техник хяналтын ажилтны дүгнэлтийг гаргуулж, дахин зөрчил гаргахгүй байх, гаргасан тохиолдолд өөрт нь оногдуулсан ялыг хорих ялаар солих журмын талаар биечлэн уулзаж, ярилцлага хийж тэмдэглэл үйлдэж, тодорхой тайлбарлан өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын прокурорын газрын прокуророос ялтан “Б”-д шүүхээс оногдуулсан 08 сарын ялаас биеэр 06 сар 15 хоногийн ялыг эдэлж, эдлээгүй үлдсэн 01 сар 22 хоногийн ялыг хорих ялаар солих асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорын дүгнэлтээ үйлдэж шүүхэд ирүүлжээ.

           Ялтан “Б” нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх” зэрэг үүргээ биелүүлэхгүй, удаа дараа зөрчсөн, зөвшөөрөгдсөн бүсээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гарсан, цахим хяналтын төхөөрөмжийг 6 удаа цэнэггүй болгож унтраасан нь эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж шүүхээс дүгнэж, зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 сар 22 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, цагдан хорьж, ялтан “Б”-ийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хураангуйг бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.