Хураангуй бэлтгэсэн:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны дараа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэг болно.
Шийдвэрийн дугаар: 2025 оны 02-р сарын 21 2025 ШЦТ/19
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэрийн хураангуй 2025 оны 03-р сарын 20
Иргэн Д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тул шүүх түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байжээ.
Гэтэл иргэн Д дахин 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийг 1,82 хувийн согтолттой үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна.
Дээрх үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэжээ.
Шүүгдэгч Д-д шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг 03 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалтыг тогтоосон байна. Хэрвээ шүүгдэгч Д тэнссэн хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэвэл ял оногдуулахыг мэдэгдсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа