Зам тээврийн ослын хэрэгт, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулав.

Шийдвэрийн дугаар: 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдөр № 2025/ШЗ/96

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

2025.05.01 Процесс тойм

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүх хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Хэргийн товч агуулга: 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт Mitsubishi Canter, Prius 30 маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас Prius-30 маркийн машины жолооч Ө.Батзул нас барсан.

Хуралдаанаар шүүгдэгч талаас гаргасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол” үндэслэлтэй гэж үзэж шүүх хуралдааныг 50 хоногийн хугацаагаар хойшлуулж 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минутад хянан шийдвэрлэхээр товлосон байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээ хийж буй хүн нь хуульд заасан шаардлага хангасан, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр авсан байхаар хуульд зохицуулжээ.

Хэрэгт зам тээврийн ослын талаар дүгнэлт гаргасан шинжээч нь дээрх шаардлагыг хангасан эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүх тусгай мэдлэг бүхий, дүгнэлт гаргах эрхтэй шинжээчээр “зам тээврийн ослын талаарх дүгнэлт”-ийг гаргуулахыг Прокурорт даалгаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.